ЛАХ УУЛ

  • .

           Лах баян уул: Дашинчилэн сумаас баруун урагш 20км-т, далайн төвшнөөс 1601 м-т өргөгдсөн. Монголын нууц товчооны 195, 196-р зүйлд гардаг Чингис хааны найманы Таян хантай /1204 онд/ байлдаж бут цохисон Наху гүн уул гэж түүхчид тогтоожээ. Мөн Монголын нууц товчооны 90-93-р зүйлд Тэмүүжин найман шарга морио хулгайд алдаад мөрдөж хөөж яваад Наху баяны хүү Боорчитой тааралдаж тэр хоёрын нөхөрлөл эндээс эхэлсэн түүхтэй.

            Нутгийнхан минь Бууралхан гэж тахиж шүтдэг энэ их уулын өмнөд хэсэг нь үзэсгэлэнт өндөр шовх улаан хадтай. Ар талдаа модтой, рашаан булагтай. Аргал янгир, араатан гөрөөстэй, анхилам үнэрт арц, сонгино, эмийн ургамлуудтай.

ЧИН ТОЛГОЙ

  • .

Дашинчилэн сумын төвөөс зүүн хойш 10 орчим км-т орой дээр нь шороо, чулуу овоолсон хиймэл овоотой /1030м өндөр/ X зууны үед Кидан улсын хот хэрэм байсан гэдэг.

ХАР БУХЫН БАЛГАС

  • .

        Дашинчилэн сумын төвөөс баруун зүгт 12 км зайтай Хар бухын голын өмнө хөвөөнд, Хадаасан толгойн зүүн хойно орших эртний хотын туурийг Хар бухын буюу Хадаасангийн балгас гэдэг. Туурийг анх XIX зууны үед илрүүлэн олсон ба 1934, 1948-1949 онуудад хайгуул судалгаа, 1970 онд бага хэмжээний малтлага хийжээ. Уг хотын туурь түүхийн хоёр өөр цаг үед холбогдох бөгөөд эхнийх нь Х-ХI зууны Кидан улсын үе болно. Энэхүү балгасын Киданы үед холбож үзэх гол үндэслэл нь Чин толгойн балгаснаас олдсон кидан бичээст дээврийн ваартай яг ижил хэлбэр маягийн ваар олдсон явдал юм. Хожим XVII зууны эхэн хагаст эртний энэ хотын хэрэм дотор дан чулуугаар хийсэн барилга байгууламжуудыг барьжээ. Энэ нь тус тусдаа бат бэх хэрэмтэй хэдэн том барилга дуган байсан бөгөөд барилгын чулууны өрөөс бэхэлгээ зэрэг нь XVII зууны үеийн Монголын бусад шивээ бэхлэлтэд нийтлэг ажиглагддаг бөгөөд барилгын хэв загвар нь Төвд барилгын арга маягийг илэрхийлдэг. XVII зууны үед барилга байгууламжийг өргөтгөсөнийг Цогт хунтайжтай холбож үздэг.

ЦОГТЫН ЦАГААН БАЙШИНГИЙН БАЛГАС, ГЭРЭЛТ ХӨШӨӨ

  • .

         Халхын Цогт хун тайжийн үед байгуулсан энэхүү барилгын буйр нь одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт байдаг. Байшинг бяцхан довцог толгойн орой дээр барьсан бөгөөд дуган хэлбэртэй хятад дээврийн ваартай байжээ. Энэ байшинг хуучин барилгын суурь дээр барьж, хэрмийн доод хэсгийг чулуугаар өрж, дээш нь тоосгоор босгожээ. Цагаан байшингийн барилгууд өнгө, өнгийн паалантай гоёмсог цэцэг чимэгт ваараар чимэглэгдсэн. Эргэн тойронд нь барилгын үлдэц олон байгаа нь түүнийг тойрон нэлээд олон хүн ам оршин сууж байсныг гэрчилнэ. Хэрмийн хэмжээ нь баруун урдуураа 119, зүүн урдуураа 208, зүүн хойгуураа 109, баруун хойгуураа 203метр. Цогтын цагаан байшинг 1933-1934 онд Оросын эрдэмтэн Д.Д.Букинич бага сага малталт хийж шинжилсэн тайлан одоо ШУА-ийн түүхийн хүрээлэнд хадгалагдаж буй.

         Цагаан байшингийн баруун талд Цогт тайж, эх Чин Тайху хатны хамт 1601-1617 оны хооронд буюу 17 жилийн хугацаанд зургаан сүм байгуулсныг өгүүлсэн саарал боржин чулуун бичигт хөшөө байдаг.

Санал асуулга

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

©2017 он Булган аймгийн Дашинчилэн сум